
Өвлийн жихүүн салхи, цонхоор тань хургаж, гэрийг тань сэрүүхэн, тухгүй болгоод байна уу? Хэрэв тийм бол та анхаарлаа нааш нь хандуулаарай.
Учир нь бид та бүхэндээ вакум цонхыг дулаалах, салхи нэвтрүүлэхгүй болгох, зуны халуун үед агаар нэвтэрч, өвлийн хүйтэн үед агаар нэвтрэхгүй байлгах тохиргооны (зарим цонхонд байдаг) талаар бичлээ.
1. Цонхныхоо нугасыг тослох

Хэдийгээр энэ нь маш энгийн мэт санагдаж болох хэдий ч та улиралд нэг удаа вакум цонхныхоо нугасыг тосолж байхыг зөвлөе. Энэ нь цонхны эдэлгээг уртасгаж, гацах, эвдрэхээс сэргийлэх юм. Харин нугасаа тослохдоо оёдлын машины тосыг ашиглаж болох төдийгүй хэдэн дусал тос хийгээд хөдөлгөж, тараагаарай.
2. Түгжээг тохируулах

Хаалга цонхыг онгойлгоход хажуу талд нь төмөр тэмдэгт байдаг. Энэ нь зун болон өвөл гэсэн хоёр горимтой байх бөгөөд зуны горимд шилжүүлсэн тохиолдолд завсраар нь салхи нэвтэрч байдаг бол өвлийн горимыг тохируулахад салхи нэвтрүүлэлгүй дулаанаа хадгалдаг онцлогтой юм. Иймд та цонхоо шалгаж, горимыг нь тохируулах шаардлагатай аж
3. Хэрхэн түгжээг тохируулах вэ?

Цонх бүрийн түгжээнүүд өөр хоорондоо харилцан адилгүй байх бөгөөд чанартай вакум цонхны түгжээг зөв тохируулсан байхад хэзээ ч дулаан алддаггүй давуу талтай. Түгжээг зориулалтын түлхүүрээр эргүүлж, баруун талруу нь дарна.
Харин зарим цонхны түгжээг түлхүүрийн шаардлагагүйгээр гараар ч эргүүлж болдог байна. Өвөл болон зуны горимын хаагдах хэмжээний ялгаа нь ойролцоогоор 1мм байх бөгөөд түгжээний хэлбэр янз бүр байж болох ч зузаан тал нь дотогшоо харж байж өвлийн горимоор буюу илүү шахалттай хаагдана гэсэн үг юм.
4. Ямар горимтой байгааг мэдэх

Хэрэв та цонхоо өвлийн эсвэл зуны горимтой байгааг мэдэж чадахгүй байвал цаас ашиглаж болно. Нимгэн цаасыг цонхныхоо завсраар хийгээд үзээрэй. Хэрэв цаас шууд орж байвал энэ нь зуны горимтой байгаа гэж ойлгон, түгжээг эсрэг чигт эргүүлнэ. Харин ямар нэгэн зүйл, нимгэн цаас, агаар ч орох завсаргүй байвал мэдээж өвлийн горимд хэдийн тохируулчихсан байна гэж ойлгоорой